ДАШТ: ОХУ-ын шигшээ баг

0

Орос-2018 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 30 хоног үлдлээ. Мэдээллийн news агентлаг ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа тэмцээнийг зохион байгуулагч А хэсэгт багтсан ОХУ-ын шигшээ багийг танилцуулж байна.

  • Дасгалжуулагч: Станислав Черчесов
  • Багийн ахлагч: Игорь Акинфеев
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Сергей Игнашевич 119 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Александр Кержаков 30 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 66
  • ДАШТ-нд оролцсон тоо: тусгаар тогтносон Орос улс бол ердөө 3 удаа буюу 1994, 2002, 2014 оны ДАШТ-нд л оролцсон. Харин хуучин ЗХУ-ын үед 7 удаа оролцож байсан
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: хуучин ЗХУ-ын үед 1966 оны дэлхийн аваргад 4-рт байранд шалгарсан

МОСКВА ХҮРЭХ ЗАМД:

2010 оны 12 сарын 2-нд Швейцарын Цюрих хотноо болсон ФИФА-н чуулганаар ОХУ 2018 оны ДАШТ-нийг зохион байгуулах эрхийг авсан. Иймд Оросууд урьдчилсан шатны сорилго хийхгүйгээр шууд зохион байгуулах орны статусаар оролцоно. Хэдийгээр зохион байгуулагч орон боловч Оросуудын шигшээ багийн бэлтгэл тун хангалтгүй байгаа. Мөн энэ удаагийн ДАШТ-нд оролцож байгаа 32 багаас хамгийн доод чансаатай байна. Тэд дасгалжуулагч С.Черчесовын удирдлага дор 18 тоглолтонд оролцохдоо ердөө 5 хожил авсан нь тун хангалтгүй үзүүлэлт юм.

ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Польшийн лигт тун боломжийн ажиллаж байсан хуучин Зөвлөлтийн хаалгач асан С.Черчесов эх орныхоо шигшээ багийг удирдан ДАШТ-ний бэлтгэлээ базааж байгаа ч тийм ч төдийлөн хангалттай сайн шигшээ багийг бүрдүүлж чадаагүй байна. Ямартаа ч түүний мэдэлд байрлал бүртээ дараах тоглогчид байна. Эдгээр тоглогчдоос ДАШТ-нд оролцох 23 тоглогчийг сонгох ёстой.

Хаалгач: И.Акинфеев (ЦСКА), В.Габулов (Бельгийн Брюгге), А.Лунёв (Зенит), Г.Маринато (Локомотив), С.Жанаев (Рубин). Хаалган дээрх тэргүүн сонголт бол багийн ахлагч И.Акинфеев. Гэхдээ түүний хувьд дэлхийн аваргад тийм ч сайн байдаггүй гэдгийг хөлбөмбөгийн фанатууд мэдэх байх.

Хамгаалагч: Д.Комбаров (Спартак), И.Смольников (Зенит), Р.Шишкин (Краснодар), Ф.Кудряшов (Рубин), В.Васин (ЦСКА), В.Гранат (Рубин), И.Кутепов (Спартак), Р.Нойштедтер (Туркийн Фенербахче), А.Семёнов (Ахмат), В.Игнатьев (Локомотив), Р.Камболов (Рубин). В.Березуцки, С.Игнашевичийн эрин үе шигшээ багтаа дууссан. Иймд нутагтаа болох дэлхийн аваргад ямар хамгаалагчид гол ачааг үүрэх бол?

Хагас хамгаалагч: Ю.Жирков (Зенит), Д.Глушаков (Спартак), А.Самедов (Спартак), А.Ерохин (Зенит), А.Головин (ЦСКА), Д.Черышев (Вильярреал), Р.Зобнин (Спартак), М.Оздоев (Зенит), Д.Тарасов (Локомотив), Ю.Газинский (Краснодар), Д.Кузяев (Локомотив), А.Миранчук (Локомотив). Дундын шугамд хамгийн туршлагатай тоглогч нь Ю.Жирков болж байна.

Довтлогч: А.Загоев (ЦСКА), А.Кокорин (Зенит), Ф.Смолов (Краснодар), А.Жюба (Арсенал Тула), А.Миранчук (Локомотив), Д.Полоз (Зенит), А.Заболотный (Зенит), М.Канунников (СКА Хабаровск). А.Загоев хэмээх залуу Оросын ирээдүй гэгдэж байсан ч төдийлөн гялалзаж чадахгүй байгаа. Харин энэ удаа Оросын лигийн аварга Локомотив багийн А.Миранчук шигшээ багийнхаа довтолгооны гол тоглогч байх болов уу? Хэрвээ А.Кокорин бэртлээсээ эргэн ирж чадвал гараанд ч гарах боломжтой.

ДАШТ-НИЙ ХЭСЭГ:

Нөхөрсөг тоглолтуудаас харвал Оросын шигшээ баг үнэхээр хангалтгүй байгаа. Гэвч ДАШТ-нд нэг хэсэгт багтсан багуудыг харвал Оросод үүнээс илүү яаж сайхан таарах билээ? Уругвайг эс тооцвол Египет, Саудын Араб хоёрыг хожоод хэсгээс 2-р гарах боломж бий. Зохион байгуулагч орон гэдгээрээ А хэсгийг тэргүүлж байгаа. А хэсэгт Уругвай, Саудын Араб болон Египет улсын шигшээ багууд багтсан. За тэгээд хэсгээс гарлаа ч шөвгийн 16-д Испани эсвэл Португалын аманд очно. Тэгэхлээр Оросын шигшээ багт ирээдүй харагдахгүй л байна.

ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ:

Яг тэр гээд онцлох тоглогч байхгүй байна. Яахав Ф.Смолов сүүлийн үед шигшээ багтаа гоол эсвэл гоолын дамжуулалт өгч байгаа тул шигшээ багтаа гайгүй тоглож болох юм. Ф.Смолов болон А.Миранчук нарыг л онцолж болох юм.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );