Түрээсийн дугуй аравдугаар сар хүртэл үйлчилнэ

0

“Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “UBike” төсөл өнөөдөр /2018.07.09/ албан ёсоор нээлтээ хийлээ. Бидний сайн мэдэх “Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж өнөөдрийн байдлаар дугуйнуудаа үйлдвэрлэж дуусчээ.

АРВАН ЗОГСООЛД 100 ДУГУЙТАЙГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЖ БАЙНА

“Никель Ганбаа” компанийн үүсгэн байгуулагч Г.Дашням “UBike түрээсийн дугуйнуудыг монгол хүмүүс өөрсдөө хийсэн учраас монголын байгаль цаг уурын байдал, замд тааруулж хийсэн гэдгээрээ ихээхэн давуу талтай. Бид дугуйгаа хийхдээ хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж зөөлөн резинтэй, зөөлөн суудалтай унахад тав тухтай байхыг бодолцож хийсэн.

Өнөөдрийн байдлаар арван зогсоолд 100 дугуйтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ жил түрээсийн дугуйн үйлчилгээ аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Дараа жилээс эхлээд дөрвөөс аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Үйлчилгээний хувьд 30 минут нь 500 төгрөг, нэг цаг нь 1000 төгрөг. UBike хамрах хүрээ нь баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам урагшаа Зайсан толгой хойшоо их тойруугийн дотор байна. Дугуйныхаа онцлогоос дурдвал өөрийнхөө өндөрт тааруулж суудлаа тааруулна.

Цүнх болон тээшээ хийх сагстай. Хамгийн гол зүйл нь хүний оролцоогүйгээр бүх зүйл ухаалаг системээр явж байгаа учраас дугуйны хойд талд GPS ажиллаж байна. Урд тал нь эко нарны хавтан байгаа. Нарны хавтангаас GPS цэнэглэгдэнэ гэсэн үг. Хүмүүс дугуйгаа хэр соёлтой хэрэглэх эсэхээс шалтгаалаад жил бүр унадаг дугуй болон зогсоолынхоо тоог нэмнэ” гэв.

Энэхүү төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Тухайлбал, энэ онд 45 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах аж. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг унадаг дугуй, 2027-2030 он гэхэд 5000 ширхэг унадаг дугуйг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

QR КОДЫГ УНШУУЛСНААР ДУГУЙ УНАХ ЭРХ НЭЭГДЭНЭ

Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ. Тус аппликэйшн дээр ажилласан Д.Жанчив “Энэ программ дээр багаараа гурван сар ажилласан. Иймэрхүү төрлийн программууд Монголд ховор байдаг. UBIKE” аппликэйшн хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.

Хэрэглэгч утсандаа дээрх аппликэйшн татаж авч суулгана. Анх бүртгүүлэхдээ 10.000 төгрөгийн хураамж төлнө. Гэхдээ тэр мөнгийг таны данснаас суутгаж авахгүй, зөвхөн дугуйны төлбөр төлөхөд л суутгана гэсэн үг. Тэгээд өөрт ойрхон дугуйны зогсоолоос дугуйгаа сонгож дугуйныхаа QR кодыг уншуулснаар дугуй унах эрх нээгдэнэ. Хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд дугуй унана.

Дугуйг унаж дуусаад түгжээг заавал гараар түгжсэнээр таны төлбөр зогсоно. Хэрэв гараар түгжихгүй бол таны данснаас мөнгө хасагдсаар байх болно. Яваандаа бид дугуйгаа шууд цагаар нь юм уу өдрөөр нь захиалах онлайн захилгыг ашигладаг болно. Дорж цагаар юм уу өдрөөр дугуйгаа захиаллаа гэж бодоход Доржоос өөр хэн нэгэн тэр дугуйг унаж чадахгүй гэсэн үг’ гэв.

Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг, хамрах хүрээнээс гадуур түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нэмж бодогдох юм байна. Мөн дугуйг зогсоолоос өөр газарт үлдээвэл торгууль 500 төгрөг данснаас хасагдах гэнэ.

УДАХГҮЙ ‘UCAB’ НЭРТЭЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 1965 оноос Голланд улсын Амстердам хотод эхэлж байсан түрээсийн дугуйн үйлчилгээ хүрээгээ улам бүр тэлж өнөөдөр дэлхийн 600 гаруй хотод амжилттай хэрэгжиж байна. Орчин үеийн хотуудын хандлага авто машинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх боллоо. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй орчин үеийн шинэ хандлагуудыг нийтийн тээвэрт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ UBike түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дугуйн зам дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийнхөө хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн түрээсийн дугуйн үйлчилгээ бий болгох зорилт тавин ажилласан. Үүний үр дүнд UBike түрээсийн дугуйн үйлчилгээ Улаанбаатар хотод өнөөдөр нэвтэрлээ.

UBike төсөл нь 100 хувь орчин үеийн технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай. Тун удахгүй үйлчилгээний соёл технологийн дэвшлийг өөртөө шингээж дэлхийн стандартын шаардлагыг бүх талаар хангасан ‘UCab’ нэртэй такси үйлчилгээ нийслэлийн иргэдэд үйлчилж эхэлнэ гэдгийг та бүхэнд дашрамд дуулгая” гэлээ.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );