Ц.Содномдоржийн аварга болох замыг Ө.Энхтүвшин заслаа

0

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө” зорилтот ажлыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад барилдаануудад бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон. Энэхүү үйл ажиллагаа нь бөхчүүдийн сайн дурын болон санал хураалтын үндсэн дээр явагдсан билээ.

Үйл ажиллагаа эхэлснээр 2017 оны хугацаанд шинжилгээ өгсөн бөхчүүдийн тавд нь допинг илэрсэн болохыг Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Харин тэдгээр бөхчүүдэд Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн арслан Б.Номиндалай зэрэг бөхчүүд багтсан. Гэвч саяхан энэ тоо хоёроор нэмэгдсэн. Учир нь чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр аймгийн арслан Б.Гончигтавхайгаас хориотой эмийн бодис илэрчээ. Мөн Улсын заан Б.Соронзонболд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир дүрмийн дагуу түүнийг допинг хэрэглэсэнд тооцсон байна. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны хугацаанд нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулжээ. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын баяр наадмаар барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан хэдий ч тус бөхчүүд наадмын сорилт болон бөхийн галынхаа нээлтийн барилдаануудад барилдсан билээ. Хэдийгээр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн ч Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш нар шүүхэд хандан барилдах эрхээ сэргээлгэсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар болон үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Монгол улсын Шадар сайд, Үндэсний их баяр цэнгэл наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Улсын долоон аваргыг хүлээн авч уулзан бөхийн холбооны цаг үеийн асуудлаар ярилцсан аж. Тэрээр “Дэлхийн Допингийн эсрэг төвийн дүрэм журмын дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй” гэжээ. Үүнд Улсын гарьд Э.Бат-Орших, Улсын начин Э.Даш нарыг ч хамруулсан байна.

Хэдийгээр шүүх шийдвэрээ гаргаж дээрх бөхчүүдийг барилдахыг зөвшөөрсөн ч Шадар сайд Ө.Энхтүвшин яагаад эсэргүүцэх болов. Түүний энэ шийдвэр, зөвлөмж нь өмнө жилийн наадмын түрүү бөх Хөвсгөл аймгийн харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх Улсын арслан Ц.Содномдоржийн аварга болох замыг засаж байгаа нэг хэлбэр юм биш байгаа гэсэн хардлага төрүүлж байна. Учир нь Баяр наадмын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нь Хөвсгөл нутгийн харьяат. Нутгийн зөвлөлдөө тун нөлөөтэй ажилладаг нэгэн. Тэрбээр өнгөрсөн жил Ц.Содномдоржийг түрүүлэхэд нутгийн зөвлөлийнхний амалсан машиныг шинэхэн арсланд гардуулж байсан хүний нэг. Ц.Содномдоржид Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнээс өнгөрөгч баяр наадмын дараагаар хүндэтгэл үзүүлж “Lexus 570” маркийн автомашин бэлэглэж, мялаасан билээ.

Өөр нэгэн зүйл бол дээрх допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд болон шүүхэд хандсан бөхчүүд Улсын баяр наадамд тогтмол дээгүүр барилддаг, Улсын арслан Ц.Содномдоржийн хүчтэй өрсөлдөгчид билээ. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин дээрх бөхчүүдийг Ц.Содномдоржийн замаас зайлуулснаар түүний аварга болох замыг төвөггүйхэн засаж байна.

Манай Монголчуудын хэлж заншсанаар “Жалга довны үзэл”-ээр нутгийн бөхөө дэмжсэн гэхэд ч хилсдэхгүй биз ээ. Одоо бид энэ жилийн баяр наадмаар шинэ аварга төрөхөд гайхаад байх зүйлгүй боллоо.

Л.Сайнбаяр

Эх сурвалж: 24tsag.mn

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );