Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

0 78

Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг юу ч үгүй ухаад зарж байна, уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлт хийхгүй байна, уул уурхайн компаниуд татвар төлөхгүй, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахгүй байна, дархан цаазтай газар, өвгөдийн минь булш бунхны газар хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон байна … Энэ бол сүүлийн 10 гаруй жил Монголын нийгэмд уул уурхайн талаар хамгийн их яригдаж, хөндөгдсөн сэдэв. Тиймээс ч уул уурхайн салбар эдийн засгийн гол тулгуур хэрнээ улам бүр нэр хүнд нь унаж байна.

Нөгөө талд ашигт малтмалыг олборлогч компаниудын нэлээд хэсэг нь мэдээллээ ил тод болгохоос цааргалж ирсэн. Үүнийгээ тогтвортой, саадгүйгээр үйл ажиллагаа явуулахад олон нийтийн эсэргүүцэл, авлига, орон нутгийн удирдлага, ТББ-уудын шантааж саад болдог болохоор хэмээн өөрсдийгөө “өмгөөлдөг”. Тиймээс ч зохих хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд аль болох мэдээллээ олон нийтэд хүргэхгүй байхыг чухалчлах болсон. Үүний ард маш том гамшиг нуугдаж байгаа нь хууль бусаар, стандартын бус үйл ажиллагаа явуулдаг жижиг компаниуд улам олширч буй аюул юм. Ашиг хүртэгч эзэн нь хэн болох, ямар хэмжээний баялаг олборлож борлуулсан гээд бүх мэдээллээ нуудаг бүлэг улам бүр өргөжиж томорч байгаа нь Монголын уул уурхайн салбарыг хариуцлагатай, зүй зохистой хөгжихөд хамгийн том саад болох нь дамжиггүй. Орон нутгийн иргэд уул уурхайн салбарыг тэднээр л төлөөлж ойлгож байгаа нь ингэж дүгнэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

Нэг талаас олон нийт, иргэдийн шаардлага, нөгөө талаас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниудын бизнес эрхлэх тогтвортой орчныг бий болгоход талуудын ойлголцол, хамтран ажиллах эрмэлзэл хэрэгтэй бөгөөд үүнд аль аль талын хүчин зүтгэл чухал юм. Ард түмэн уул уурхайн салбарыг дэмжихгүй, эсэргүүцэж байгаа нь хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаатай холбоотой. Харин бодит байдал дээр уул уурхайн салбарын мэдээлэл огт байхгүйдээ биш төр засаг болон компаниуд бодитой, үнэн зөв мэдээллээ олон нийтэд хангалттай хүргэж чадахгүй байгаад асуудал бий. Тиймээс ч энэхүү мэдээллийн дутагдлыг нөхөх, олон нийт болон компаниудын дунд үл ойлголцлыг арилгах үүднээс Монгол улс 2006 онд дэлхийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдсэн билээ. Энэхүү санаачилга нь нэг талаас ашигт малтмалын салбарт олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд Засгийн газар болон орон нутгийн удирдах байгууллагад төлсөн татвар, орлогоо тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайланг гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгодог юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлогч үйл ажиллагааны бүх мэдээллээ сайн дураар олон нийтэд тайлагнадаг тогтолцоо гэсэн үг. Манай улс энэхүү санаачилгад нэгдээд 12 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүх мэдээллээ тайлагнадаг байгалийн баялаг олборлож буй компаниудын тоо эрс нэмэгдэж байгааг графикаас харж болно. Анхны жил ердөө 64 компани мэдээллээ тайлагнаж байсан бол өнгөрсөн онд нийт 1500 компани мэдээллээ тайлагнасан нь 12 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

ОҮИТБС-д тайлангаа ирүүлж буй компаниуд

ОҮИТБС-ын стандарт улам бүр чангарч, олон төрлийн мэдээллийг ил болгохыг компани болон Засгийн газраас шаардаж байгаа болохоор дээрх 2200 гаруй компани өөрсдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, орон нутгийн хөгжилд оруулж буй нэмэр, ажлын байр, төлсөн татвар, өгсөн хандив гээд бүхий л мэдээллээ ил тод болгож байна. Энэхүү мэдээллийн тайланг эмхэтгэж, олон нийтэд хүргэх ажлыг Монголын ОҮИТБС-ны Ажлын алба хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд 20 орчим аймаг, сумдын иргэдэд энэхүү олборлох салбарын мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн тайлагналын системийг цахим болгосноор компаниудад учрах дарамтыг бууруулахаас гадна иргэдийн мэдээлэл авах боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. www.e-reportingmongolia.mn гэсэн цахим хаягаар нэвтрэхэд ашигт малтмалын лиценз, компаниудын төлсөн татвар, өгсөн хандивын хэмжээ гээд бүх мэдээлэл бий. Уншигч Та мартаагүй байх. Хоёр жилийн өмнө Орхон голын бохирдлын талаар ихээхэн шуугисан. Тухайн үед нэр нь холбогдож байсан “Монгол газар”, “Голден хаммер” гээд компаниудыг нэрээр нь хайвал тусгай зөвшөөрлийн тоо, байрлал, хамрах талбайн хэмжээ гээд бүх мэдээлэл нь газрын зураг дээр гарч ирнэ.

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хойш эдийн засаг нь огцом өсөж, хөгжлөөрөө толгой цохих болсон Норвеги, Австрали, Чили гээд олон улсыг бид мэднэ. Тэд байгалийн баялгаа зөв зохистой ашигласан нь хөгжлийн үндэс болсныг хэн ч үгүйсгэхгүй. Байгалийн баялгаа хөгжлийн суурь болгоход хамгийн чухал зүйл бол ил тод, нээлттэй байдал юм. Ард түмэн байгалийн баялгийг нь хэн ашиглаж, хэр их орлого олж, юунд зарцуулж, өөрт нь ямар өгөөж өгч байгааг мэдэхгүй бол байгалийн баялгаа харамлах, түүнийг ашиглахыг эсэргүүцэх хандлага давамгайлдаг. Зарим аймаг, сумын удирдлага нутаг дэвсгэр дээрээ хайх, ашиглахыг хориглох талаар зарлах болсон нь манай улс энэ л замаар явж буйг харуулж байгаа юм. Манай улсад олон нийтийн дунд уул уурхайн салбарыг эсэргүүцэх хандлага давамгайлж байгаа нь мэдээлэлгүй байгаагаас ихээхэн хамааралтай юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт олон нийтийн зүгээс хандах хандлага тийм ч таатай биш болж ирсэн. Олон нийтийн хандлагыг эерэг болгож, буцаан сэргээх нь манай салбарын, манай яамны өмнө тавигдаж байгаа нэг том зорилт юм” хэмээн салбарын хэлэлцүүлэг дээр онцолж байсан билээ.

Өмнөд Америкийн Аргентин, Перу гэх мэт улс уул уурхайн салбараа хөгжүүлж, эдийн засгийн гол хөдөлгөх хүч болгоно гэдгээ зарлаад байна. Гэхдээ зөвхөн улс төрчид нь зарлаад өнгөрөх биш улс орон даяар ард түмэнтэй санал солилцож, нэгдсэн нэг ойлголттой болохыг тэд зорьж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа энэ үед байгалийн баялгаар арвин дээрх улсууд аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, улсын эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэдгийг маш сайн ойлгосон. Харин манай улс энэ талаар дорвитой алхам хийхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байна. Эрдэс баялгийн салбарын талаарх цогц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор компаниудын хариуцлагыг сайжруулахаас гадна олон нийтийн уул уурхайн салбарыг ойлгох, дэмжих хандлагыг нэмэгдүүлэх юм. Ингэсэн тохиолдолд уул уурхайн салбарын тогтвортой хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол улсын тогтвортой хөгжлийн хурдасгуур болох боломжтой юм. Ил тод байдлыг хангахгүй, хариуцлагатай байдлыг бий болгохгүй бол уул уурхайн салбар өнөөдрийнх шиг үл ойлголцол, итгэлцэл байхгүй намаг балчигт байсаар байх болно гэдэг нь тодорхой юм.

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );