RUSSIA-2018-д хэн дуулиан тарих вэ

0 122

Энэ өдрүүдэд Орос орон хөл бөмбөгөөр амьсгалж, таван тивийн 32 шилдэг багийн 600-г хол давсан тамирчин тус улсын томоохон хотуудад хэдийнэ хөл тавьжээ. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёрхон хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед мэргэжилтнүүд Russia-2018-д шуугиан тарьж мэдэх таван багийг нэрлэж байна.

Нэг. БНСУ-ын “улаан чөтгөрүүд”. Английн алдарт Тоттенхэм багт тоглодог Хён Мин Сүн тэргүүтэй Өмнөд Солонгосын багийг энэ жилийн дэлхийн аваргад дуулиан тарьж мэдэх багуудын жагсаалтад оруулсан нь тохиолдлын хэрэг биш юм.

Учир нь тэд 2002 онд эх орондоо зохиогдсон дэлхийн аваргад хэний ч санаанд оромгүй амжилтыг үзүүлж, дэлхийг гайхашруулсныг мартаж болохгүй. Хён Мин Сүний хувьд энэ жил Тоттенхэмийн өмнөөс 49 тоглолтонд оролцож, 18 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд хийснийг дутуу үнэлж болохгүй хэмээн хөл бөмбөгийн мэргэжилтнүүд хэлж байна. Мин Сүнээс гадна Уэльсийн Swansea City клубт тоглодог Ки Сун Иунийг Өмнөд Солонгосын багийг шигшээ тоглолтонд шалгарахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн ажиглагчид үзжээ.

Ки Сун Иуний тоглолтыг нарийн судалсан мэргэжилтнүүдт түүний алсын зайн цохилт хаалганд орох магадлал 18-20 хувьтай байдаг хэмээн дүгнэжээ. Тиймээс хангүг залуусыг Russia-2018-д шуугиан тарихад нэг их гайхаад байх зүйлгүй гэнэ.

Хоёр. Хөгшин Европын Данийн шигшээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр удаагийн дэлхийн аваргад тааруухан амжилт үзүүлсэн хэдий ч скандинавын энэ жижигхэн орны хөл бөмбөгчдийг Оросын ногоон талбайд дутуу үнэлж болохгүй гэж мэргэжилтнүүд сануулж байна. Учир нь даничууд шигшээ багаа зөвхөн Russia-2018-д зориулж эртнээс өөрчлөн зохион байгуулж, бэлтгэснийг мартаж болохгүй.

Эдний багт FIFA-ийн жагсаалтын дээгүүр бичигдэж байгаа тоглогчид болох Каспер Шмайхель, Кристиан Эриксэн, Симон Жайер нар байгаа нь дани залуусыг энэ жил нэг юм дуулгана хэмээн дүгнэхэд хүргэж байгаа юм.

Гурав. Арабын ертөнцийн төлөөлөл Египпетийн шигшээ. Египетчүүдийг энэ жил том шуугиан тарьдаггүй юм аа гэхэд заавал нэг юм дуулгана хэмээн олон орны хөл бөмбөгийн мэргэжилтнүүд хэлж байна. Зарим ажиглагчид бүр нэг хэсэгт багтсан орнууд болох ижилхэн арабын ертөнцийн Саудын Араб, тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээг ялаад хэсгээсээ гараад ирсэн байхад египетчүүдийг гайхах хэрэггүй хэмээн урьдчилан үзмэрдэж байгааг хэлэх хэрэгтэй.

Ингэж их итгэл найдвар хүлээлгэж байгаа тус багт шигшээ багийнхаа гоолын мангас гэгдээд байгаа Эссам Эль Хадари гэж энэ жилийн дэлхийн аваргад гялалзах магадлалтай нэг залуу байгааг ч олон улсын мэргэжилтнүүд онцолж байна.

Дөрөв. Исландын шигшээ. Дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсын даруухан шигшээг Russia-2018-д юу ч дуулгаж мэдэх дараагийн багаар мэргэжлийн аналистууд нэрлэж байна. Евро-2016-д амжилттай оролцсон исланд залуусын ногоон талбай дээрх тоглолтууд сүүлийн жилүүдэд улам уян хатан, эвлэгхэн болж ирснийг ч аналистууд хэлж байгаа юм.

Хэдийгээр багийн шилдэг тоглогч Гилфи Сигурдсон нь өвдөгний бэртлээс болоод энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих болчихоод байгаа ч нэг хэсэгт таарсан Аргентин, Нигери, Хорватын шигшээ багууд исланд залуусаас тийм амархан салчихна гэж бодсоны гарз гэнэ шүү.

Тав. Төв Европын хүчирхэг Польш. Польшийн шигшээг шуугиан тарих магадлалтай таван орны тоонд оруулахад нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл бол мэдээж Роберт Левандовский юм. Нэг номерын хөл бөмбөгчдийн нэг хэмээн дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Левандовский өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 43 тоглолтонд амжилттай оролцож, 39 гоол айлын хаалганд хийгээд байгаа нэгэн.

Гадаадын клубүүдэд тоглодог олон залуу тоглогчидтой Польшийн шигшээг зөвхөн Левандовскийгоор үнэлж болохгүй. Италийн Ювентус клубт олон жил тоглосон Жианлужи Буфоныг залгамжлан гарч ирж байгаа Войчих Шчесни, Swansea City-ийн Лукас Фабианский нар байгаа цагт нээрээ л Польшийн шигшээ юм дуулгахгүй өнгөрнө гэж үү. Ийнхүү мэргэжлийн аналистууд хөгшин европын гурав, дээр нь ази, арабын төлөөлөл болсон нэг нэг багийг Russia-2018-д юу ч хийж, яаж ч мэдэх багуудаар нэрлээд байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн аваргын энэ удаагийн тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 14-ний өдөр нэг хэсэгт таарсан ОХУ, Саудын Арабын багийн тоглолтоор орон нутгийн цагаар 3:30 цагт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд эхлэх юм. Ингээд танд хөл бөмбөг болон эрүүл мэндтэй холбоотой сонирхолтой тоо баримтуудыг хүргэе.

Дундаж хөлбөмбөгчин 80 хил жинтэй гэж тооцвол талбай дээр 30 минут тоглохдоо 438 калори илчлэгийг биенээсээ шатаадаг бол 60-70 хил жинтэй хөл бөмбөгчин үүнээс арай бага буюу 328 калорийг шатаадаг аж. Дээрх мэдээлэл нь мэргэжлийн хөлбөмбөгчдийн зориулалтын талбайд тоглох үедээ шатаадаг калорийн хэмжээ юм. Харин зориулалтын бус талбай дээр сонирхогчийн түвшинд 30 минут хөл бөмбөг тоглоход 80 хилтэй хүн 396 калори, 60-70 хилтэй хүн 114 калори илчлэг шатаадаг байна.

Судалгаагаар хүмүүс гэртээ болон паб, ресторанд хөл бөмбөг үзэх үеэрээ хамгийн их хэрэглэдэг хүнсний зүйл шар айраг хэмээн гарчээ. Олон улсад зохиогддог томоохон хөл бөмбөгийн тэмцээнүүдийн үеэр хийсэн судалгаагаар тоглолт үзэхээр ирсэн фанатуудын 82 хувь нь тэмцээн эхлэхээс өмнө заавал согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Хөл бөмбөгийн тэмцээний үеэр шар айраг болон бусад төрлийн согтууруулах ундаа хэрэглэгчдийн талаас илүү хувь нь 21-35 насныхан байдаг.

Английн Примьер лигийн хөлбөмбөгчид талбай дээр 90 минут тоглохдоо ойролцоогоор 10-11 километр замыг туулдаг бол Португалийн шигшээ багийн довтлогч Криштан Роналду нэг тоглолтонд 36 км замыг туулж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан хөлбөмбөгчнөөр Германы Байерн Мюнхен багийн довтлогч Аржан Робен өнгөрөгч 2014 оны дэлхийн аваргаар Испанийн багийн хаалганд гоол хийхдээ 37 км\цагийн хурдтай довтолсноор тодорсон байна.

Хөлбөмбөгчид тоглолтын өмнө өглөөний цайгаа хөнгөхөн уудаг бөгөөд ихэн голцуу тэжээллэг чанартай уураг, тос ихтэй сүү, өндөг, талх зэргийг хэрэглэдэг. Харин үдийн цайндаа ихэвчлэн тахиа, үхрийн болон нугас, мөн цацагт хяруулын мах, төмс болоод бусад төрлийн ногоо оролцсон хоол иддэг. Тоглолтын үеэр тамирчдыг дотроос нь сэрүүдүүлж, бие засуулах магадлалтай тул гоймон, будаа хэрэглэхийг бүрмөсөн хориглодог бөгөөд тоглолтын бус цагаар онцгой тохиолдолд витаминтай, ногоотой будаа хэрэглэхийг зөвшөөрдөг гэнэ.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

Холбоотой мэдээлэл
Voice.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
twttr.widgets.createTimeline( { sourceType: "list", ownerScreenName: "TwitterDev", slug: "national-parks" }, document.getElementById("container") );