“Бидний театр” жүжгийн уралдаан болно

0 13

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр 1 жүжгийг бэлтгэн оролцох бөгөөд УДЭТ-аас сонгосон найруулагчид жүжгүүдээ тайзнаа амилуулна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас жүжгийн багийг бүрдүүлж байгаагаараа энэхүү уралдаан ихээхэн онцлогтой юм. Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө.

Жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шат 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 10.000 гаруй хүүхдүүдэд жүжгээ толилуулаад байна. Хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулах юм.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз уралдаанд оролцож буй жүжгүүдийг телевизийн контент болгохоос гадна театрын урлаг, үзэгчийн соёлын асуудлаар нэвтрүүлгүүдийг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгон ажиллана.

Дүүргүүд дараах жүжгүүдээр оролцоно.

  1. Хан-Уул дүүрэг Найруулагч Ц.Жаргалсайхан, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” жүжгээр
  2. Баянзүрх дүүрэг Найруулагч Д.Сайнбуян, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгээр
  3. Баянгол дүүрэг Найруулагч Б.Болдхүү, М.Сервантес “Кихот ноён” жүжгээр
  4. Багануур дүүрэг Найруулагч А.Нямцэрэн, У.Шекспир “Гамлет” жүжгээр
  5. Сүхбаатар дүүрэг Найруулагч Б.Шинэбаяр, У.Шекспир “Ромео, жульетта” жүжгээр
  6. Налайх дүүрэг Найруулагч Я.Билгүүнсар, У.Шекспир “III Ричард хаан”
  7. Чингэлтэй дүүрэг Найруулагч Ц.Батнайрамдал, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр
  8. Сонгинохайрхан дүүрэг Найруулагч Т.Анхбаяр У.Шекспир “Зуны шөнийн зүүд” жүжгээр

Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Voice.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.